Dienstag, 9. Februar 2010

Өрх гэрийн дэг журам

Биеэ засаад гэрээ зас 
Гэрээ засаад төрөө зас

Монголчууд бид эрт дээр үеэс нарийн чанд сахин дээдэлж ирсэн ариун сайхан дэг журамтай хүмүүс.

Айл гэр бүлийн амьдралын дэг журам нь үр хүүхдийнх нь зан заншлын эх сурвалж болдог. Өвгөд дээдсээ хүндлэх, эцэг эх ахан дүүсээ хайрлах, үр ач нараа энхрийлэн хүмүүжүүлэх, орон гэртээ суух хооллож ундаалах, унтаж амрах, тоглож наадах, ах зах хүнийг хүндэтгэх, зочин гийчин угтаж авах, үдэж явуулах, мэндлэх хүндлэх, талархах, хориглох цээрлэх ёс нь өөр өөрийн гэсэн онцлог дэг журамтай.

Ах зах хүний дэргэд архи уух, тамхи татахыг цээрлэдэг сайхан заншилтай ард түмэн бол монголчууд бид юм шүү. Эцэг эх болон ахмад насны хүнээс нууж хаах юм олон байдаг. Эхнэр хүн нөхрийнхөө дэргэд ч, гэрэл гэгээтэй цагт ч нүцгэлэхийг цээрлэдэг. Хүүхдээ ахмад хүмүүсийн ярианд оролцуулдаггүй, тэдний дэргэд тэр болгоныг ярьдаггүй, гаж буруу үйл үйлддэггүй нарийн дэг журамтай.

Гэр бүл бол тодорхой гишүүдээс бүрддэг бөгөөд тэдгээр нь аж төрөх хөдөлмөрлөх олон талын үүрэг хариуцлага, эрх мэдэл дагаж мөрдөх уламжлалт заншил, ёс горим болон зан үйлтэй байдаг. Өрх гэрийн уламжлан ирсэн хэв заншил зан үйл нь тухайн гэр бүл, ураг төрлийнхөнд нь бүрэлдэж бий болсон дэг ёс, ёс горимыг илэрхийлж, тэдний харилцаа холбоо, эв нэгдлийг батжуулан зохицуулахын хамт хойч үеэ хүмүүжүүлэх үйлсэд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.

ӨРХ ГЭР НЬ:

-Орон гэр тусгай боловч нэг аж ахуйд хамрагддаг хэд хэдэн үеэс бүрдсэн ойрын садан төрлийн өрх гэр.
-Эцэг эх нь үр хүүхэдтэйгээ аж төрдөг хоёр үеийн өрх гэсэн хэв маягтайгаар хөгжиж иржээ.
Нэг гэр бүлийн гишүүд бие биенээ нэрээр нь дууддаггүй, эхнэр, авгай, гэргий, манай хүн, хүүгийн эцэг гэх зэргээр харилцдаг бөгөөд эхнэр нөхрөө “та” гэж хүндэтгэн харьццаг байна. Хүүхдүүд нь нялх бага наснаасаа эцэг эх, ах эгчээ хүндэлж сурдаг уламжлалтай. Эцэг эхийн болон ахмад хүмүүсийн яриаг тасалж, дундуур нь орж ярих, хоорондоо чанга ярих, үймүүлж шуугих, дуу дуулахыг хориглодог. Өрх гэрийн харилцаанд ураг төрлийн ёс горимын уламжлал бол хадам-бэрийн хоорондох харилцаа, хэв заншил, дэг ёс ордог.

Монголчуудын дунд хадам эцэг, бэр хоёрын хооронд нарийн чанд сахидаг олон хориг цээр, бие биесээ хүндэлсэн заншил уламжлагдаж иржээ. Бэр хадам эцгийнд анх орохдоо бурхан шүтээн, гал голомтонд нь мөргөхөөс гадна хадам эцэг эх, ах эгч нарт мөргөдөг ёстой. Мөргөх ёслол дууссанаар бэр хадмын гэр бүлийн бүрэн эрхт гишүүн боддог. Энэ ёслол нь эртний уламжлалтай бөгөөд овгийн байгууллын үеийн журам ёсоор харь овгийн хүнийг өөрийн овогтоо элсүүлэн авдаг үйлээс үүдэлтэй юм. Мөргөл үйлдсэн бэр хадмуудтайгаа хожим золгохдоо мөргөдөггүй бөгөөд ирэх, явахад нь босч хүндтгэдэг бөгөөд дэргэд нь толгой нүцгэн байх ёсгүй аж. Мөн бэр нь хадам эцэг эхтэйгээ зэрэгцэн суухгүй, элдэв зохисгүй үг хараал хэлэхгүй, хадмын гадна байхад бие засахгүй зэрэг үйлийг цээрлэдэг. Хадам эцэг эх ч гэсэн “бэрээ зовооно”, “сэтгэлд нь сэв сууна” гээд ажил төрөл хийж байх үед нь, үс гэзгээ янзалж байхад нь аль болохоор үзэгдэхгүй, саад болохгүйг хичээдэг байсан бөгөөд ер нь хадам эцэг хүүгийн гэрээр цөөн ордог заншилтай аж.

Хадам эцэг эхтэйгээ айл байдаг бол бэр өглөө эртлэн босч, хадмынхаа өрхийг татаж, цайг нь чанаж өгдөг ба хадмын гэрийн баруун талаар эргэх, тойрч явахыг цээрлэдэг. Бэр хүн хадам эцэг эхийнхээ нэрийг, тэр нэртэй адил үгийг ч хэлэхгүй, авгайлж эерүүлдэг ёс бий. Хадам эцэг нь Ерөөлт гэдэг нэртэй бол “ерөөл” гэдэг үгийг ч хэлэх ёсгүй. Алгаа гэдэг нэртэй бол алаг гэдэг үгийг эерүүлж “цоохор” гэж хэлэх жишээтэй. Хадамтайгаа ижил нэртэй хүнийг “хэцүү нэрт”, “ижил нэрт” гэх зэргээр авгайлан нэрлэдэг. Бэр хадам эцгийнд ороод “суу” гэхээс наана дур мэдэн суухгүй, зөвшөөрсний дараа гэрийн зүүн талд хадам эхийн доод талд суудаг ёстой. Монголчуудын дунд уламжлан ирсэн өмч хөрөнгө өвлөх заншил нэн эртний хууль ёсны улбаатай. Өрх гэрийн тэргүүлэгч эцэг нь бүх өв хөрөнгийн эзэн болж явсан бөгөөд эцгээ нас барсны дараа ахмад хүү нь эцгийн өв хөрөнгайг залгамжлах эрх бүхий гол хүн болдог. Ахмад хүү нь эцгийн өв хөрөнгийн тэн хагасыг өмчилж, дүү нар нь үлдсэн хэсгийг хувааж өмчилдөг журамтай. Өрх гэрийн гал голомт, бурхан шүтээн отгон хүүд өвлөгддөг. Отгон хүүгүй бол галын зээ нь өвлөдөг байна.

Монголчуудын гэрийн доторх тавилга, өрхийн гишүүдийн суудал байрлал тогтсон дэг журамтай. Гэрийн доторх орон зайг гал голомтоор төв хийж, баруун, зүүн, хоймор, үүдэн тал хэмээн хувааж ангилна. Гэрийн баруун талд эд бараа, өрхийн тэргүүлэгч болон хүүхдүүдийн хувцас хунарыг хураадаг аж ахуйн хэсэг, хоймор хэсэгт гэрийн эзний эрхэм зүйл болох хазаар, буу, морин хуур, бурхан шүтээнийг байрлуулна. Гэрийн зүүн хэсэгт гэрийн эздийн ор дэр, эзэгтэйн авдар үхэг байдаг. Гэрийн доторх засал тавилтай уялдан гэр доторх хүмүүсийн суух суудал, байрлал нь нарийн дэг ёстой байдаг. Гэрийн зүүн хойморт гэрийн эзний суух сандал, олбог байх бөгөөд эзэгтэйн суудал гал тогооны хэрэгслийн дээд талд, зочдын суудал гэрийн баруун хойморт тавьсан ширдэг, сандал байх жишээтэй. Гэрийн эзэн завилгаа суудлаар сууж, бусад гишүүд, зочид бохирч, цомцойн суудаг. Баруун талаар суугсад баруун хөлөө, зүүн талаар суусан бүсгүйчүүд зүүн хөлөө цомцойлгон суудаг ёстой.

Монголчууд гэрийн эр хүнийг айл өрхийн тэргүүн гэж үздэг тул нүүдэл суудал, худалдаа арилжаа, гэр бүлийн ажлын хуваарь, эд хөрөнгийн асуудлыг өрхийн тэргүүн хариуцдаг ч гэрийн эмэгтэй хүнийг галын бурхан, айлын хос баганын нэг гэж үздэг учраас маш хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтай. Тийм ч учраас эр нөхөр нь гэр орны гол гол асуудллыг эхнэртэйгээ зөвлөн шийддэг учиртай. Үр хүүхдүүдийн дотроос эрэгтэй хүүхдийг хүмүүжүүлэх, ажил амьдралд сургах асуудлыг эцэг нь, эмэгтэй хүүхдийг бол эх нь хариуцдаг ёстой. Энэ асуудлаар бие биеийнхээ хэрэгт хөндлөнгөөс оролцохыг аль болохоор цээрлэдэг заншилтай. 
Өглөө бүр эхнэр нь түрүүлж босоод, галаа түлж, цайгаа чанаад, үс гэзэг, өнгө зүсээ янзалсны дараа эр нөхрөө аяархан сэрээж босгодог ёстой. Харин үдэш эхнэр нь түрүүлж унтаад, эр нөхөр нь мал, хотоо эргэж, өглөөний түлшээ бэлтгэж, маргаашийнхаа хийх ажлын бэлтгэлийг хийгээд унтдаг ёстой. Эхнэр хүн зөвхөн үйл оёж байгаа үед л хожуу унтдаг. Гэхдээ өглөө заавал эхэлж босдог. 
Монгол эр нөхөр нь эхнэрээ эхтэйгээ зүйрлэн хүндэлж, эхнэр нь нөхрөө үр хүүхэдтэйгээ зүйрлэн асран хамгаалдаг сайхан уламжлалтай улс. Эрэгтэй хүүхэд нь эцэгтээ туслах, эцгийгээ дагаж эр хүний ажил сурах, эмэгтэй хүүхэд нь эхийгээ дагаж сааль сүү саах, цагаан идээ боловсруулах, гэрийн доторхи гаднах цэвэрлэгээ хийж, үйл оёх, хоол цай хийх зэргээр эмэгтэй хүний хийх ажилд суралцдаг.

Keine Kommentare:

 

graphics : VLADSTUDIO : www.vladstudio.com